СИНГАПУРЫН ТУХАЙ
Сингапур нь Малайзын хойгийн өмнөд цэгт орших арлын орон юм. Экваторын хойно 137 км зайд, Малайзын Жохор мужийн өмнөд талд, Индонезийн Риау арлуудын хойд талд оршдог. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот-улсуудын нэг юм. Мөн зүүн өмнөд азийн хамгийн жижиг орон юм.
Британий Зүүн Энэтхэг Компани (British East India Company) нь 1819 онд энэ арал дээр худалдааны бааз байгуулжээ. Энэ үед арлын гол суурин газар нь Сингапур голын аман дээрх Малайзын загасны аж ахуй эрхэлсэн тосгон байжээ. Мөн эрэг, голууд, жижиг арлууд дээр нутгийн уугуул иргэд болох Орган Лаут амьдардаг байв. Британичууд нь Сингапурыг "амтлагчийн зам" дахь стратегийн ач холбогдолтой бааз болгон ашиглаж байжээ. Улмаар Британий эзэнт гүрний хамгийн чухал худалдаа, цэрэг армийн төвүүдийн нэг болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сингапур Япончуудад эзлэгдэхэд Уинстон Черчилль үүнийг тодорхойлдоо "Британийн хамгийн том ялагдал" хэмээжээ. 1945 онд эргээд Британийн эрх мэдэлд шилжсэн. 1963 онд Малай, Сабах, Саравактай нэгдэн Малайз улсыг үүсгэсэн боловч 1965 оны 8 сарын 9-нд хоёрхон жилийн дараа тусгаарлажээ. Сингапур нь мөн оны 9 сарын 21-нд НҮБ-д элссэн байна.
Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.
Сингапурын хүн ам нь 4.59 сая орчим. Хүн амын дийлэнх хувийг Хятадууд эзлэдэг. Захиргаанд хэрэглэгдэх албан ёсны хэл нь англи хэл.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн Хуулинд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон боловч парламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Улс төрийн амьдралд нь Ардын Үйлийн Нам (People's Action Party) давамгайлдаг бөгөөд 1959 оноос хойших бүх сонгуульд ялалт байгуулжээ.
Засаглал: Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс
- Ерөнхийлөгч Селлапан Рама Натан
- Ерөнхий сайд Ли Сянь Лун
Газар нутаг: 707.1 км²
Хүн ам: 4,588,600 /2007/
ҮНБ: $228.116 тэрбум /2007/
Улсын домэйн нэр: .sg
Улсын код:
+65
Commons: Singapore - зураг, медиа материалууд |